Мэдээлэл оруулах

Banjig. Шууд туслагч

Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал (2004 оны урьдчилсан гүйцэтгэлээр)

Бичсэн: bold 2007-01-17 21:52:11

1. Улсын нэгдсэн төсөв 2004 оны урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 692.8 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 717.3 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 24.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн урсгал орлого 685.9 тэрбум төгрөг, урсгал зардал 525.8 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 160.1 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Татварын нийт орлого өнгөрсөн оныхоос 37.5 хувиар, гадаад худалдааны татварын орлого 37.0 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвар 33.5 хувиар, онцгой албан татвар 19.9 хувиар тус тус өсөв.

2. Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл Монгол банкны мэдээгээр 2004 оны 11 дугээр сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт (М2) 839.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 33.8 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна. Энэ оны 11 дүгээр сарын эцэст гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өмнөх сартай харьцуулахад 4.5 хувиар буюу 7.8 тэрбум төгрөгөөр буурч, гадаад валютын хадгаламж 5.9 хувиар буюу 18.4 тэрбум төгрөгөөр, иргэд байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж 1.1 хувиар буюу 3.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 2004 оны 11 дүгээр сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 2.9 хувиар өсч, 592.0 тэрбум төгрөгт хүрсэнийг бүтцээр нь авч үзвэл улсын секторынх 7.9 хувиар буурч, харин хувийн болон бусад секторынх 3.7 болон 7.9 хувиар тус тус өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 4.7 хувиар, найдваргүй зээлийнх 1.5 хувиар тус бүр буурсан нь чанаргүй зээл дүнгээрээ 2.7 хувиар буурахад нөлөөлсөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 56.6 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна. Монголын хөрөнгийн биржийн мэдээгээр 2004 оны 12 дугаар сард үнэт цаасны арилжаа 23 удаа явагдлаа. Нийт 1306.8 мянган ширхэг үнэт цаас арилжиж, 1189.0 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. өмнөх сартай харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 14.8 хувиар, гүйлгээний хэмжээ 15.9 дахин өссөн байна. ТОР-20 дундаж индекс 12 дугаар сард 590.7 болж өмнөх сараас 32.3 пунктээр буурчээ.

3. Хэрэглээний үнийн индекс

2004 оны 12 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2000 оны 12 дугаар сартай (суурь үетэй) харьцуулахад 27.5 хувь өмнөх оны жилийн эцсийнхээс 11.0 хувь, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна. 2004 оны 12 дугаар сард өмнөх сартай харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өссөн нь ерөнхий индекс 0.9 хувиар өсөхөд нөлөөлжээ. Түүнчлэн хувцас, гутал, бөс бараа, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 0.2-0.6 хувиар өссөн байна. Орон сууц, түлш, цахилгаан, гэр ахуйн бараа, тээвэр, холбооны үйлчилгээний бүлгийн дүн 0.5-2.8 хувиар буурсан ба эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, соёл, боловсролын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байлаа. 2004 оны 12 дугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф өмнөх сартай харьцуулахад Говь-Алтай, Завхан, Увс аймгуудад 0.2-1.7 хувиар буурч, Булган аймагт тогтвортой, бусад аймгуудад 0.1-4.2 хувиар өссөн байна.

4. Гадаад худалдаа 2004 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 1864.9 сая ам.доллар, үүнээс экспорт 853.3 сая, импорт 1011.6 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 158.3 сая ам.долларын алдагдалтай гарав. Гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оноос 26.8 сая ам.доллараар багаслаа. Нийт бараа эргэлт өнгөрсөн оноос 31.6 хувиар өссөний дотор экспорт 38.5 хувиар, импорт 26.3 хувиар тус тус өсөв. Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 132.0 сая ам.доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 29.2 сая ам.доллараар, үнэт ба хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс 100.0 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспорт өсөхөд голлон нөлөөлөв. Харин түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 32.3 сая ам.доллараар, мал, амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн 4.5 сая ам.доллараар тус тус буурчээ.

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өнгөрсөн оноос 1.1 хувиар буурч, харин үнийн дүн нь 73.7 хувиар өссөн байна. 2003 онд нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 287.7 ам.доллар байсан бол 2004 онд 505.4 ам.доллар болж, 75.7 хувиар өссөн байна. Импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт өнгөрсөн оноос 33.5 сая ам.доллараар, эрдэс бүтээгдэхүүний импорт 64.8 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүний импорт 17.4 сая ам.доллараар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 31.4 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 16.8 сая ам.доллараар тус тус өссөн нь импортын өсөлтөнд голлон нөлөөлөв.

5. Аж үйлдвэр

2004 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1995 оны зэрэгцүүлэх үнээр 312.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 36.0 тэрбум төгрөг буюу 13.0 хувиар өссөн байна. өнгөрсөн онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч, дулаан, уур үйлдвэрлэл, ус ариутгал усан хангамж, нүүрс олборлолт, газрын тос, шатдаг хий олборлолт, металлын хүдэр олборлолт, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг салбаруудын үйлдвэрлэл 2.5 хувиас 2.5 дахин өсч, харин бусад ашигт малтмал олборлолт, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл, мод, модон эдлэл үйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, радио, телевизор, холбооны хэрэгсэл үйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл зэрэг салбаруудын үйлдвэрлэл 1.2-94.1 хувиар тус тус буурсан байна.

Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн 256 бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 102 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, 154 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна. өнгөрсөн онтой харьцуулбал аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч, түгээсэн цэвэр ус, нүүрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, алт, катодын зэс, металл бэлдэц, металл цувимал, угаасан ноос, тэмээний ноосон хөнжил, ээрсэн утас, сүлжмэл эдлэл, ном, лаа, спирт, архи, дарс, пиво, амтат ус ундаа, талх, нарийн боов, жигнэмэг, гоймон зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, харин молибдений баяжмал, металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, цемент, шохой, улаан тоосго, төмөр замын дэр мод, барилгын хаалга цонх, савхин гутал, ботник, эсгий, малын мах, өлөн гэдэс, хүнсний давс, нэг удаагийн тариур, шингэн эм зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсан байна. 2004 онд аж үйлдвэрийн салбарын дүнгээр 1175.9 тэрбум төгрөгийн (оны дүнгээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

6. Тээвэр

2004 онд бүх төрлийн тээврээр 21.6 сая тн ачаа, давхардсан тоогоор 194.2 сая зорчигч тээвэрлэсэн нь 2003 оныхоос тээсэн ачаа 22.5 хувь буюу 4.0 сая тн-оор, зорчигч тээвэрлэлт 15.7 хувь буюу 26.3 сая хүнээр тус тус өссөн байна. Төмөр замын тээсэн ачаа 2003 оныхоос 14.2 хувь буюу 1.7 сая тн-оор, зорчигч тээвэрлэлт 9.6 хувь буюу 0.4 сая хүнээр тус тус өссөн байна. Агаарын тээвэрт зорчигч тээвэрлэлт 2003 оныхоос 0.8 хувь буюу 2.1 мян.хүнээр өсч, тээсэн ачаа 16.9 хувь буюу 0.4 мян.тн-оор буурсан байна.

7. Ажилгүйдэл

Засаг захиргааны бүртгэлд үндэслэсэн ажил эрхлэлтийн 2003 оны эцсийн тайлангаар төрөл бүрийн шалтгаанаар нийтдээ 266.3 мянган хүн хөдөлмөр эрхлээгүй байсан. Үүнээс хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг, өвчтэй, гэр бүлийн хүний ажлын онцлог, гэрийн ажилтай зэрэг хүндэтгэх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг хасвал 180 гаруй мянган хүн хүндэтгэх биш шалтгаанаар тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байсан юм. 2004 оны жилийн эцсийн байдлаар эдгээр хүмүүсээс 35.6 мянга нь аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил идэвхитэй эрж хайж байгаа ажилгүйчүүд гэж бүртгүүлжээ. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2003 оны жилийн эцсийнхээс 6.7 хувь буюу 2.2 мянган хүнээр нэмэгдсэн байна. Улсын хэмжээгээр 19.6 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 55.2 хувийг эзэлж байна. 2004 оны жилийн эцсийн байдлаар 38.3 мянган бүртгэлтэй ажилгүй хүн ажилд орсны 12.0 хувь нь улсын үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 88.0 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.

8. Эрүүл мэнд 2004 онд амьд төрсөн хүүхдийн тоо 44.5 мянга болсон нь өнгөрсөн оныхоос 0.5 хувь буюу 223 хүүхдээр цөөн байна. Төрөхийн улмаас 44 эх энджээ. Нэг хүртлэх насандаа нас барсан хүүхдийн тоо 1016 болж өнгөрсөн оныхоос 3.3 хувь буюу 35 хүүхдээр, 1-5 хүртлэх насандаа эндсэн хүүхдийн тоо 280 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.2 хувиар буюу 71 хүүхдээр тус тус буурчээ. Улсын дунджаар амьд төрсөн 1000 хүүхэд тутмаас нэг хүртлэх насандаа 23 хүүхэд эндсэний дотор Дорнод, Орхон, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Төв, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод улсын дунджаас дээгүүр байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 31.3 мянга болж, өнгөрсөн оныхоос 4.4 мянган хүнээр нэмэгджээ. өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 12.5 хувиар буурч, харин вируст гипатитаар өвчлөгчдийн тоо 28.0 хувиар, трихомниазаар өвчлөгчдийн тоо 6.6 хувиар, заг хүйтнээр өвчлөгчдийн тоо 36.6 хувиар, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 10.3 хувиар, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 16.4 хувиар, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 4.7 хувиар тус тус өссөн байна. 2004 онд 15.3 мянган хүн нас барсны 24.3 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Нийт 554.8 мянган хүн эмчлэгджээ.

9. Гэмт хэрэг

2004 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 18.9 мянга болж, өнгөрсөн оныхоос 5.2 хувиар буурлаа. Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (16.1%) үүнээс иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (16.6%), бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг (27.1%), мөн хүн амын эрүүл мэндийн эсрэг хэрэг (15.5%), хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг (23.5%), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (0.9%), албан тушаалын гэмт хэргийн тоо (10.5%) өссөн байна. Харин хүнийг санаатай алах гэмт хэрэг (-4.0%), бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг (-29.6%), өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (-10.7%), хулгай (-10.3%), булаалт (-18.0%), дээрэм (-20.6%), залилан (-2.2%), завших, үрэгдүүлэх (-6.9%), аж ахуйн нэгжийн эсрэг гэмт хэрэг (-45.1%), нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (-14.6%), байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг (-22.9%), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг (-7.9%) цэргийн албаны эсрэг гэмт хэргийн тоо (-16.7%) тус тус буурсан байна.

Сэтгэгдэл бичэхийн тулд нэвтэрсэн байх ёстой. Та энд дарж нэвтэрнэ үү.

[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
© 2002-2008 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж