Мэдээлэл оруулах
|
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БАЙДАЛ (2006 оны 12 дугаар сарын байдлаар) Бичсэн: bold 2007-01-17 22:05:24 Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2006 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1353.2 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 1228.7 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 124.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.
Төсвийн урсгал орлого 1346.8 тэрбум төгрөг, урсгал зардал 978.5 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 368.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого 2005 оныхоос 62.6 хувь буюу 433.4 тэрбум төгрөг; үүнээс гадаад худалдааны татварын орлого 25.3 хувь буюу 14.4 тэрбум төгрөг; онцгой албан татварынх 26.8 хувь буюу 21.2 тэрбум төгрөг; нэмэгдсэн өртгийн албан татварынх 31.0 хувь буюу 56.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэв.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 79.6 хувь, хөрөнгийн зардал 14.4 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 5.9 хувийг эзэлж байгаа нь 2005 оныхоос урсгал зардлын эзлэх хувийн жин 1.1 пункт; хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 2.7 пунктээр тус тус өсч, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 3.8 пунктээр буурсан байна.
Мөнгө, зээл, үнэт цаасны зах зээл.
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2006 оны 11 дүгээр сарын эцэст 1586.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.6 хувь өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2006 оны 11 дүгээр сарын эцэст өмнөх сартай харьцуулахад 1.8 хувь буюу 4.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Түүнчлэн иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж 4.3 хувь буюу 26.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 641.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гадаад валютын хадгаламж 0.9 хувь буюу 3.5 тэрбум төгрөгөөр буурч 408.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2006 оны 11 дүгээр сарын эцэст өмнөх сартай харьцуулахад 4.6 хувь өсч, 1181.4 тэрбум төгрөгт хүрснээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл дотор улсын секторынх 1.7 хувь, хувийн секторынх 6.0 хувь, иргэдийнх 4.4 хувиар тус тус өсч, бусад секторынх 7.3 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 5.4 хувь, чанаргүй зээл 0.3 хувиар тус тус өссөн байна. Банкны системийн хэмжээгээр
чанаргүй зээл 66.3 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.6 хувийг эзэлж байна.
Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн жилийн дундаж хүү 2006 оны 11 дүгээр сард 27.2 хувь болсон нь өмнөх сарынхаас 0.4 пунктээр, валютын зээлийн хүү 14.4 хувь болсон нь өмнөх сарынхаас 1.7 пунктээр тус тус буурсан байна. Харин 2005 оны мөн үе буюу 11 сартай харьцуулбал төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 1.8 пунктээр, валютын зээлийн хүү 1.1 пунктээр тус тус буурсан байна. Монголын Хөрөнгийн Биржид үнэт цаасны арилжаа 2006 онд нийт 253 удаа явагдаж, 74.4 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 18.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэв. Арилжигдсан үнэт цаасны тоо 2005 оныхоос 2.8 дахин, гүйлгээний хэмжээ нь 1.5 дахин тус тус өсчээ.
ТОР-20 дундаж индекс 2006 оны 12 дугаар сард 1868.0 болж, өмнөх сарынхаас 95.6 пунктээр өссөн байна. Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт зах зээлийн үнэлгээ 2006 оны 12 дугаар сард 131.2 тэрбум төгрөгт хүрэв.
Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2006 оны 12 дугаар сард 2000 оны 12 дугаар сартай харьцуулахад 47.9 хувь, оны эхнээс 6.0 хувь, өмнөх сарынхаас 0.5 хувиар тус тус өслөө.
Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн дүн 2006 оны 12 дугаар сард өмнөх оны жилийн эцсийнхээс 13.4 хувиар буурсан бөгөөд бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.3-23.6 хувь тус тус өссөн байна. Эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 23.6 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт байв.
Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ болон тээврийн бүлгүүдийн дүн 2006 оны 12 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.1-1.0 хувиар буурч, хувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, түлш, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ болон боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ тогтвортой байж, харин бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 0.1-2.0 хувь тус тус өслөө.
Аймгуудын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф 2006 оны жилийн эцэст оны эхнээс 2.1-12.7 хувиар тус тус өссөн байна.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2006 оны урьдчилсан гүйцэтгэлээр анх удаагаа 3.0 тэрбум ам.доллар давсан дүнтэй гарлаа. Yүнээс экспорт 1528.8 сая, импорт 1489.2 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 39.6 сая ам.долларын ашигтай гарав. Yүнд дэлхийн зах зээл дээрх зэсийн баяжмалын үнэ, ямааны самнасан болон бохир ноолуур, сүлжмэл футболка майк зэрэг бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн нь нөлөөлсөн байна. Нийт бараа эргэлт 2005 оныхоос 34.2 хувь, экспорт 43.6 хувь, импорт 25.7 хувиар тус тус өсчээ.
Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний экспорт 2005 онтой харьцуулахад 432.5 сая ам.доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 52.2 сая ам.доллараар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 11.3 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспорт өсөхөд голлон нөлөөлөв. Харин үнэт ба хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 61.4 сая ам. доллараар буурчээ.
Эрдэс бүтээгдэхүүний бүлгийн өсөлт нь нийт экспортын өсөлтийн 93.2 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнд зэсийн баяжмалын экспортын өсөлт 308.9 сая ам.доллараар, цайрын хүдэр баяжмалынх 80.9 сая, ам доллараар, жоншны баяжмалынх 9.9 сая ам доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 2005 онд үнэт, хагас үнэт чулуу, метал гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын дүнгийн 31.1 хувийг эзэлж байсан бол 2006 онд 17.7 хувь болж 13.5 пунктээр буурсан байна. Yүнд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 35.4 хувиар буюу 8.4 тонноор буурсан нь нөлөөлсөн байна.
2006 онд хонь, ямааны арьсны экспортын хэмжээ эрс буурч харин хонь хурганы боловсруулсан арьс буюу шевретын экспортын хэмжээ 35.8 хувиар, ямаа ишигний боловсруулсан арьс буюу шевроны экспортын хэмжээ 2.9 дахин өссөн байна. Мөн самнасан ноолуурын экспорт 50.5 хувиар, бохир ноолуурын экспорт 4.7 дахин тус тус өслөө.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2005 оныхоос 2.1 хувь, үнийн дүн нь 94.7 хувиар өссөн байна. Нэг тонн зэсийн баяжмалын үнэ дунджаар 2005 онд 555.7 ам.доллар байсан бол 2006 онд 1059.9 ам.доллар болж 90.7 хувь өсөв.
Импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт 2005 онтой харьцуулбал 119.8 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 37.5 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 21.9 сая. ам доллараар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 18.1 сая. ам доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 14.6 сая ам.доллараар ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 8.3 сая ам.доллараар тус тус өссөн нь импорт өсөхөд голлон нөлөөлөв. Харин нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүний импорт 12.3 сая ам.доллараар буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний импортын өсөлтөнд автобензины импортын биет хэмжээ 8.1 хувь буюу 20.6 мянган тонноор, үнийн дүн нь 39.8 хувь буюу 48.9 сая ам доллараар, дизель түлшний импортын биет хэмжээ 13.0 хувь буюу 35.2 мянган тонноор, үнийн дүн нь 28.6 хувь буюу 44.8 сая ам. доллараар, онгоцны түлшний импортын биет хэмжээ 2.4 дахин буюу 19.8 мянган тонноор, үнийн дүн нь 2.8 дахин буюу 19.8 сая ам доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импортийн өсөлтөнд хөнгөн тэрэгний импорт 63.8 хувь буюу 33.1 сая ам доллараар, ачааны тэрэг 12.6 хувь буюу 2.8 сая ам доллараар өссөн нь нөлөөлсөн байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2006 онд (2000 оны зэрэгцүүлэх үнээр) 889.0 тэрбум төгрөг болж, 2005 оныхоос 73.9 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өссөн байна.
2005 онтой харьцуулахад 2006 онд эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжүүр, хараа зүйн хэрэгсэл, цаг үйлдвэрлэл, металлын хүдэр олборлолт, нүүрс олборлолт, цахилгаан дулаан, уур үйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, бусад ашигт малтмал олборлолт, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл, төмрийн үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, нэхмэлийн үйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, мебель тавилга үйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл 0.3 хувиас 4.8 дахин өсч; харин ус ариутгал, усан хангамж, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл, тамхи үйлдвэрлэл, мод, модон эдлэл үйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт, резин болон хуванцар бүтээгдэхүүн зэрэг салбаруудын үйлдвэрлэл 3.4-44.5 хувь буурсан байна.
Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бүтээгдэхүүнийг 2005 онтой харьцуулбал 63.5 хувийнх нь үйлдвэрлэл өсч, 36.5 хувийнх нь үйлдвэрлэл буурчээ. 2006 оныг 2005 онтой харьцуулахад аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс цахилгаан, нүүрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, молибдений баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, гянтболдын баяжмал, өлөн гэдэс, малын тэжээл, нарийн боов, гоймон, спирт, архи, дарс, хивс, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, угаасан ноос, тэмээний ноосон хөнжил, барилгын хаалга, цонх, тарилгын эм, шахмал эм, шингэн эм, цемент, улаан тоосго, цул бетон, бетон зуурмаг, катодын зэс, металл бэлдэц, металл цувимал, нэг удаагийн тариур зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр өсч; харин түгээсэн цэвэр ус, алт, хиамны зүйл, талх, чихэр, жигнэмэг, хүнсний давс, пиво, амтат ус, ундаа, ээрсэн утас, эсгий, төмөр замын дэр мод, сонин, ном, шохой, бетон дэр зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2006 онд 2093.0 тэрбум төгрөгийн (оны үнээр) бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Аж үйлдвэрийн мэдээнд хамрагдаж байгаа нийт аж ахуйн нэгжийн 18.1 хувь нь уул уурхай, олборлох аж үйлдвэрт, 69.2 хувь нь боловсруулах аж үйлдвэрт, 12.7 хувь нь цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт хамрагдаж байна. 2006 онд 146 аж ахуйн нэгж шинээр мэдээнд хамрагдсан байна.
Тээвэр
Бүх төрлийн тээврээр 2006 онд 24.0 сая тн ачаа, давхардсан тоогоор 195.4 сая зорчигч тээвэрлэсэн нь 2005 оныхоос тээсэн ачаа 1.3 хувь буюу 300.9 мян.тн- оор, зорчигч тээвэрлэлт 1.4 хувь буюу 2.6 сая хүнээр тус тус өссөн байна.
Төмөр замаар тээсэн ачаа 2005 оныхоос 5.2 хувь буюу 806.5 мян.тн-оор буурч, зорчигч тээвэрлэлт 2.3 хувь буюу 95.7 мян.хүнээр өссөн байна. Дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 4.5 сая тн-д хүрч, 2005 оныхоос 17.2 хувь буюу 927.2 мян.тн- оор буурсан нь нийт тээсэн ачааны бууралтад нөлөөлжээ.
Агаарын тээвэрт зорчигч тээвэрлэлт 2005 оныхоос 8.8 хувь буюу 29.5 мян.хүнээр, тээсэн ачаа 5.1 хувь буюу 101.9 тн-оор тус тус өсчээ. Агаарын тээврийн олон улсын зорчигч тээвэрлэлт 2005 оныхоос 14.0 хувь буюу 28.8 мян.хүн, дотоодын зорчигч тээвэрлэлт 0.6 хувь буюу 0.7 мян. хүнээр тус тус өссөн байна.
Авто тээврээр 2006 онд 9.2 сая тн ачаа, давхардсан тоогоор 190.7 сая тн зорчигч тээвэрлэсэн нь 2005 онтой харьцуулахад тээсэн ачаа 13.7 хувь буюу 1.1 сая тн-оор, зорчигч тээвэрлэлт 1.3 хувь буюу 2.5 сая хүнээр тус тус өсчээ.
Авто техникийн үзлэг, тооллогын урьдчилсан дүнгээр 2006 онд 141.5 мянган авто машин тоологдсон нь 2005 оныхоос 7.8 хувь буюу 10.3 мянгаар нэмэгджээ.
Нийт авто машины 56.5 хувь нь 10 хүртэлх жил, 43.5 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байна.
Ажилгүйчүүд
Засаг захиргааны бүртгэлд үндэслэсэн ажил эрхлэлтийн 2005 оны жилийн эцсийн тайлангаар янз бүрийн шалтгаанаар улсын хэмжээнд нийтдээ 260.0 мянган хүн хөдөлмөр эрхлээгүй байсан. Yүнээс хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг, өвчтэй, гэр бүлийн хүний ажлын онцлог, гэрийн ажилтай зэрэг хүндэтгэх шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг хасвал 160.0 гаруй мянган хүн хүндэтгэх биш шалтгаанаар тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байна.
2006 оны жилийн эцсийн байдлаар эдгээр хүмүүсээс 32.9 мянга нь аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил идэвхитэй эрж хайж байгаа ажилгүйчүүд гэж бүртгүүлжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2005 оны жилийн эцсийнхтэй ижил түвшинд байгаа болно.
Улсын хэмжээгээр 18.8 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 57.0 хувийг эзэлж байна. 2006 оны жилийн эцсийн байдлаар 43.1 мянган хүн ажилд зуучлагдаж орсон нь 2005 онтой харьцуулахад 2.4 хувь буюу 1.0 мянган хүнээр өссөн байна. Ажилд орсон хүмүүсийн 12.8 хувь буюу 5.5 мянган хүн улсын үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 87.2 хувь буюу 37.6 хүн компани, хоршоо, бусад байгууллагад ажилд зуучлагдан оржээ.
Эрүүл мэнд
Амьд төрсөн хүүхдийн тоо 2006 онд 47.4 мянга болсон нь 2005 оныхоос 4.9 хувь буюу 2205 хүүхдээр өссөн байна.Төрөхийн улмаас 33 эх энджээ. Нэг хүртэлх насандаа нас барсан хүүхдийн тоо 937 болж 2005 оныхоос 0.1 хувь буюу 1 хүүхдээр, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 202 болж, 2005 оныхоос 15.5 хувь буюу 37 хүүхдээр тус тус буурчээ. Улсын дунджаар амьд төрсөн 1000 хүүхэд тутмаас 1 хүртэлх насандаа 20 хүүхэд эндсэний дотор нялхсын эндэгдэл Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Говьсүмбэр аймгуудад улсын дунджаас дээгүүр байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 36.2 мянга болж, 2005 оныхоос 3.9 мянгаар нэмэгдсэн байна. 2006 онд ХДХВ/ ДОХ-ын нийт 9 тохиолдол шинээр нэмж бүртгэгдээд байна. Гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 28.8 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 20.2 хувиар буурч, харин цусан суулгаар өвчлөгчдийн тоо 2.3 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 5.1 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 8.5 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 26.4 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 26.7 хувиар тус тус өсчээ.
Вируст гепатит өвчнөөр өвчлөгчдийн тоо тууштай буурахгүй байгаа нь эрүүл ахуйн бохир орчин, иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин сул, эрүүл ахуйн баталгаагүй хүнс хэрэглэж байгаатай холбоотой.
Засгийн газрын 2006 оны 91 дүгээр тогтоолоор “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийн хүрээнд Хэнтий, Хөвсгөл аймгууд Улаанбаатар хотын төрөлжсөн нарийн мэргэжлийн
эмнэлгүүдийн 56 их эмч, аймгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгийн 60 эмчтэй хамтран 113.2 мянган хүнд 15 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг; цусны шинжилгээнд ДОХ, тэмбүү, элэгний В, С вирус, рентген зураг, цэрний бактерлоги шинжилгээ зэрэг 10 төрлийн шинжилгээг хийж, 15633 эмгэгтэй хүний өвчнийг оношлон илрүүлсэн байна.
2006 онд 15.7 мянган хүн нас барснаас 23.9 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Эмнэлэгт нийт 598.7 мянган хүн хэвтэн эмчлэгдлээ.
Гэмт хэрэг
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2006 онд 18.3 мянга болж, 2005 оныхоос 4.8 хувь өссөн байна. Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 29.2 хувь, булаалт 27.8 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 20.3 хувь, хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 17.0 хувь (үүний дотор иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 19.8 хувь бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 14.8 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 0.3 хувь), байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8.0 хувь, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 3.6 хувь, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 0.9 хувиар тус тус өссөн байна.
Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 2.6 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 0.6 хувь (үүний дотор хулгай 0.4 хувь, залилан 1.3 хувь, завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 8.1
хувь, дээрэм 22.1 хувь), бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг 6.2 хувь, иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 7.4 хувь, албан тушаалын гэмт хэрэг 8.9 хувь, аж ахуйн нэгжийн эсрэг гэмт хэрэг 15.5 хувь, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 17.1 хувь, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 39.8 хувь, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 43.0 хувь, хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг 43.3 хувиар тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 52.1 тэрбум төгрөгийн хохирол учирсны 83.3 хувь нь буюу 43.4 тэрбум төгрөг нь иргэдийн өмчийн хохирол байна. Yүнээс 21.4 тэрбум төгрөг нь Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааны, 1.7 тэрбум төгрөг нь малын хулгайн улмаас иргэдэд учирсан хохирол байна. Нийт хохирлын 11.3 хувийг нөхөн төлүүлжээ. Сэтгэгдэл бичэхийн тулд нэвтэрсэн байх ёстой. Та энд дарж нэвтэрнэ үү.
|